"Биокомбинат" ТӨААТҮГ-ын үе үеийн ахмадууд, эрдэмтэн мэргэд, мэргэжилтнүүд, ажилтанууд, хамт олныхоо нэрийн өмнөөс мал аж ахуйн салбарт ажиллаж байгаа малын эмч, мал зүйч, малчид, мал аж ахуйн салбарын нийт бүрэлдэхүүн, судлаачид, гадаад, дотоодын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч байгууллага, хамтран ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагуудын хамт олон Та бүхэндээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж эрүүл энх, ажил амьдралын өндөр амжилт хүсэн ерөөе.

"Биокомбинат" ТӨААТҮГ нь 90 гаруй жил мал амьтныг гоц халдварт болон халдварт өвчнөөс сэргийлэх, оношлох, эмчлэн-сэргийлэх эм биобэлдмэлүүдийг үйлвэрлэж мал эмнэлгийн байгууллагуудад нийлүүлж байна. Бидний үндсэн зорилго бол мал амьтныг гоц халдварт болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж эрүүлжүүлэн хүн амын эрүүл мэндийг хамгаалах, хүнсний аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх явдал юм. Өнгөрсөн хугацаанд техник тоног төхөөрөмж, технологийн шинэчлэлтүүдийг хийж тухайн цаг үед нийцэн ажиллаж ирсэн байна. Гэвч өнөөгийн чөлөөт зах зээлийн систем болон мал амьтны эрүүл мэнд, улмаар нийгмийн эрүүл мэндэд чиглэгдсэн бодит өөрчлөлт, зохих шинэчлэлтүүдийг зайлшгүй хийх нөхцөл байдал үүсээд байна. Монгол Улсын хэмжээнд мал амьтны эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын чиглэлээр явуулж байгаа арга хэмжээтэй нягт уялдуулан “Биокомбинат” ТӨААТҮГ -ын ирээдүйн чиг хандлага болох техник эдийн засгийн үзүүлэлт, техник технологийг сайжруулах, боловсон хүчний чадавхийг бэхжүүлэхэд чиглэгдсэн тоймчилсон хөтөлбөрийг мал эмнэлэг, мал аж ахуйн бодлого, стратегитай нийцүүлэн ажиллана. Үүний тулд шинжлэх ухааны тэргүүлэх чиглэлийн нэг болох биотехнологийн зарчимд үндэслэн, үндэсний аж үйлдвэрүүдийн хөгжлийн бодлогод нийцүүлэн шинэ технологи, барилга байгууламж, тоног төхөөрөмжийг иж бүрнээр шинэчлэж, ажиллах хүчний чадавхийг сайжруулан үр ашгийг дээшлүүлэх ажлыг богино хугацаанд хэрэгжүүлэх хөтөлбөрийг гаргаж Засгийн Газрын хөрөнгө оруулалт, хандивлагч орон, олон улсын байгууллагуудын хөнгөлөлттэй зээл тусламжийг ашиглан ажиллах хэрэгтэй байна.

Иймд манай хэрэглэгч, хамтран ажиллагч, биотехнологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа дотоод, гадаадын байгууллага, судалгаа эрдэм шинжилгээний баг, эмч мэргэжилтэн, малчид хөдөлмөрчид та бүгдийг “Биокомбинат” ТӨААТҮГ-ын эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшин биелүүлэх, цаашид техник технологийг боловсронгуй болгох, үр ашгийг дээшлүүлэх  талаар хамтран ажиллахыг урьж байна.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

ЗАХИРАЛ                                             Б.ОНОЛБААТАР