1923 онд Сонгинын буланд байсан “Үхрийн мялзанг эсэргүүцэх станц” нэртэй гадаадын иргэдийн хувийн жижиг үйлдвэрийг засгийн газраас худалдан авснаар Монголын ХАА, МЭ, биотехнологийн ууган үйлдвэр, Биокомбинат ТӨҮГ-ын анхны суурь нь тавигдсан.

Ингээд хөгжлийн явцад тус үйлдвэрт үйлдвэрлэх биобэлдмэлүүдийн нэр төрөл олширсоор 1923 он гэхэд нэг нэр төрөл байсан бол 1933 онд 3, 1943 онд 12,1957 онд 26, 1983 онд 68 нэр, 1993 онд 72, 2003 онд 61 нэрийн биобэлдмэл үйлдвэрлэж байсан нь түүхэн баримт бичигт тэмдэглэгдэн үлджээ.

1970-аад он хүртэл тус үйлдвэрийн төв Улаанбаатар хотод, харин Ховд, Архангай аймгуудад салбар үйлдвэрүүд нь ажиллаж байсан. Тус үйлдвэр байгуулагдсан цагаас эхлэн 1973 он хүртэл Орос орны мэргэжилтнүүдтэй манай үндэсний сэхээтэн боловсон хүчнүүд хамтран Монгол орны мал сүрэгт гарч байсан гоц халдварт ба халдварт өвчний эсрэг биобэлдмэлүүд үйлдвэрлэж, Монгол оронд өргөн дэлгэр тархаж эдийн засгийн хувьд үлэмж хохирол учруулдаг байсан үхрийн мялзан, цээж, ямааны годрон, хонь, ямааны цэцэг зэрэг өвчнүүдийг бүрмөсөн устгах, малаас хүнд халдварладаг галзуу, боом, сүрьеэ, бруцеллёз болон цусан халдвар, ям, дотрын халдварт хордлого, дуут хавдар зэрэг олон өвчний гаралтыг эрс бууруулж хор хөнөөлийг багасгахад чухал үүрэг гүйцэтгэж ирсэн.

 Одоогийн үйлдвэр 1973 онд БНУАУ-ын (хуучин нэрээр) техник, эдийн засгийн тусламжтайгаар бүрэн шинэчлэгдэн байгуулагдаж, Унгар – Монголын мэргэжилтнүүд хамтран ажиллаж, 1990 оноос хойш зөвхөн үндэсний мэргэжилтнүүд, мэргэшсэн ажилчид эх орны хэрэгцээт биобэлдмэлийг засгийн газрын захиалгын дагуу бүрэн хэмжээгээр нь үйлдвэрлэн нийлүүлж байна.